Хамтдаа хөгжих орон зай
Амжилтын түүх
Н.Алтанбаатар:Туршлага хуримтлуулж, бизнесийн арга зүйд суралцсаны дараа зээл авах чухал
2024-07-08

Хонхор суурин өрхийн тэргүүний төрж өссөн уугуул нутаг ч эцгийн голомтоос гал таслан Улаанбаатар хотод аж төрөхөөр нийслэлийн хамгийн том худалдааны төв Нарантуул захад арилжаа наймаа эрхэлж эхэлсэн байна. Энэ зуурт “Их мөнгөөр их бараа эргэлдүүлж ашиг орлого олно” гэж тооцоод тухайн үед “Өдрийн зээл” гэдэг зүйл авч алдсан тухайгаа тэд ингэж ярьсан.

“Өдрийн зээлийг анх сонсоход төлөөд явчихаж болмоор юм шиг санагдсан ч бидэнтэй адил бодож алдсан олон хүн маш хүнд нөхцөлд орж байсан. Жишээ нь, ”Нэг сая төгрөгийг 10%-ийн хүүтэй авч, 30 хоногт 1,100,000 болгон эргүүлж төлөхөд өдөрт 36,666 тушаах тооцоо гарна. Арилжаа наймаа хийж байгаа хүмүүст энэ их боломжийн санагддаг ч хүний амьдрал баялаг, ямар нэг шалтгаанаар нэг, хоёр өдөр ажлаа хийж чадахгүй болоход л зээлийн өр хуримтлагддаг. Хэт богино хугацаатай зээл маш эрсдэлтэй юм билээ. Тэр цагаа хойш зээл гэдэг зүйлд маш болгоомжтой, нухацтай хандах ёстойг ойлгосон. Тухайлбал, яг ямар үед зээл авах вэ гэдгээ зөв тооцох хэрэгтэй” гэсэн юм.

Алтанбаатар, Ариунжаргал нар наймаа хийхээ больсны дараа гэрийн эзэн мужааны ажил хийн, тавилга үйлдвэрлэх болж, яваандаа өөр бусад хэд хэдэн бизнест хүч үзсэн бөгөөд эцэст нь өөрийн гэсэн газартаа ая тухтай орчныг өөрсдийн хүссэнээр бүтээж амьдрахын давуу талыг, ажлын байр гэр хоорондох зай ойр байх нь амьдралын чанарт үлэмж нөлөөтэйг анзаарч, эргээд Хонхор тосгондоо суурьшин өрхийн бизнес эрхлэх болжээ.

Тэдний одоогийн эрхэлж буй бизнес нь хоол үйлдвэрлэл. Улаанбаатар, Хонхор, Налайхын замд өөрсдийн уйгагүй хөдөлмөрөөр ГЭРИЙН ХУУШУУР-ыг брэнд болгож чадсан байна. Энэ ажилд тогооч мэргэжилтэй эхнэрийн уйгагүй хөдөлмөр, ур чадвар гол нөлөө үзүүлдэг агаад өдгөө өөрсдийн хүүхдүүдээ ч цалинжуулан ажиллуулж хөдөлмөр эрхлэхийн үнэ цэн, хариуцлагатай зарчимч ажиллахын үлгэрийг үзүүлж явна.

Тэрээр “Бизнесийн онцлогоосоо хамаарч ямар үед зээл авахаа зөв тооцоолох чухал” гээд өмнө дурдсанчлан “Бид урин дулааны улиралд ахиухан зээл авч, эргэн төлөлтөө шахдаг. Өвөл ажил орлого багатай байгаа үед түрүүлээд төлчихсөн учраас зээлийн хугацаа, хүүд санаа зовдоггүй. Харин ч өөрсдөө тодорхой хэмжээний хуримтлал үүсгээд явж чаддаг болсон. Тиймээс маш тодорхой зорилготой зээл авах, цаг тухайд нь төлөх, хариуцлагатай зээлдэгч байх чухал. Шинээр бизнес эрхлэхийг зорьж буй залуучуудад эхлээд олон янзын ажил хийж, туршлага суух, аль болох түрээс төлөхгүйгээр ажиллах чухал. Мөн ажлын арга зүй, тооцоо судалгаа, туршлага хуримтлуулж, бизнесийн арга зүйд суралцсаны дараа зээл авах хэрэгтэй” хэмээн хэлсэн.

 

Төстэй мэдээлэл