“Содон хатгамал” брэндийг үүсгэгч Бат-Очирын Бундхорол өөрийн бизнесийн үнэ цэнийг тодорхойлохдоо “Массын үйлдвэрлэлийг чухалчилдаггүй. Захиалагчийн хүссэн хэмжээ, өнгө загвараар цорын ганц бүтээгдэхүүн урлах нь үнэ цэнэ бүтээдэг.” хэмээн итгэл төгс хариулсан юм.
Одоо тэрээр тоног төхөөрөмж нэмэн, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, захиалгын оффис, нэрийн дэлгүүрээ нээхэд зорин, улам шаргуу хөдөлмөрлөж байна.
Гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг гол асуудал санхүүгийн хязгаарлагдмал байдал, хүний нөөцийн хомстол түүнийг тойроогүй аж. Өдгөө 2-3 хүнийг сургаж, цагийн ажилтнаар ажиллуулдаг ба хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, компанийн засаглалыг сайжруулах, өргөжүүлэх зэрэгт бусад бизнес эрхлэгчдийн түүх, туршлагаас суралцаж байгаагаа онцолсон юм.
Энэ нь Транскапитал ББСБ-аас хэрэгжүүлдэг Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт ажээ. Б.Бундхорол тус байгууллагын харилцагч болохоос өмнө эмэгтэй бизнес эрхлэгчдийн хүйсийн онцлог, ялгаатай байдлыг нь ойлгон, дэмждэг төсөл хөтөлбөр байдаг талаар мэдээлэлгүй байсан аж.
Тэрээр гарааны бизнес эрхлэхийг хүссэн ч, хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст “Боломж үргэлж дэргэд байдаг. Харин боломжийг харах мэдрэмжтэй, соргог, алсын хараатай ажиллах, аливаа боломжийг тухай бүр алдалгүй шүүрч авдаг байгаарай. Мөн мэдлэг мэдээллээ баяжуулж, өөрийгөө чадавхжуулахыг хойш тавихгүй бусадтай туршлага солилцох, орчин үеийн технологийн ололт амжилтаас суралцан мэдлэг туршлагаа баяжуулж байгаарай” хэмээн хэлсэн юм.