Хамтдаа хөгжих орон зай
Амжилтын түүх
Л.Лхагвасүрэн: Зээлийг зөв зарцуулбал үр ашгаа өгдөг
2023-03-01

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас "Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Санаачилга" санхүүжилтээр хэрэгжиж буй Төв Азийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрт хамрагдан зээл авсан зээлдэгч Б.Лхагвасүрэнг бид онцлож байна. 1990 оны эхээр Монгол улс ардчилсан төрийн тогтолцоо, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжиж олон үйлдвэр хаагдаж, дотоодын үйлдвэрлэл уналтанд орсон түүхтэй. Долоон  хүүхдийн ээж болох Б.Лхагвасүрэн нь сургуулиа төгссөнөөс хойш хувиараа наймаа хийж байгаад 1995 оноос гутал засвар ажиллуулсаар өдгөө 27 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулжээ.

Дархан хотын Дархан захын гадна үүдэнд гутал засах Б.Лхагвасүрэн “Гадна талбайд өөрийн гэсэн ажлын байргүй, барьцаа хөрөнгөгүй жижиг бизнес эрхлэгч надад 2014 онд анх Транскапитал ББСБ итгэл хүлээлгэн дэмжиж зээл олгосонд маш их баярласан” гэж бид яриагаа эхлүүллээ.

Бизнес эрхлэхэд ямар хүндрэл бэрхшээл танд гарч байсан бэ?

Өөрийн 7 хүүхдээ өсгөх, тэднийгээ хоолтой, хувцастай байлгах, хичээл сургуульд нь анхаарах гээд маш олон асуудал тулгарч байлаа. Өөрийн гэсэн ажлын байртай болохын тулд надад зээл авах хэрэгцээ гарсан. Гэтэл надад барьцаа хөрөнгө байгаагүй.

Та банк болон санхүүгийн байгууллагуудад хандаж үзсэн үү?

Хандаж үзсэн. Барьцаа байхгүй, ажлын байргүй надад зээл авна гэдэг бол хэцүү зүйл санагдсан. Хамгийн анх Транскапитал ББСБ-н барьцаанд байсан автомашиныг зээлийг нь төлж байгаад өөрийн нэр дээр болгож авсан, зээл төлж байх явцдаа Транскапиталын хамт олонтой байнгын холбоо харилцаатай, орж гарч явдаг байсан бөгөөд машиныхаа зээлийг дуустал маш хариуцлагатай зээлээ төлдөг байсан учир дараа дараагийн зээл авах үед ямарч асуудалгүй өгдөг, итгэл даасан харилцагч болсон. Зээлийг зөв зарцуулбал үр ашгаа өгч, бизнес өргөжиж, түүнийг дагаад ахуй амьдрал ч эрс сайжраад ирдэг юм байна. Яг одоо би Транскапиталын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн зээлд хамрагдсандаа таатай байна. Энэ зээл нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тусгайлан зориулагдсан хүү, нөхцөлтэй байгаад нь талархаж байна.

Та Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд авсан зээлээ юунд зарцуулсан бэ?

Энэ хөтөлбөрийн хүрээнд авсан зээлээ ажлын байраа тохижуулж, тоног төхөөрөмжөө шинэчилж ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд ашигласан. Үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай байдалд анхаарснаар үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэж, намайг зорьж ирэх хүмүүсийн тоо нэмэгдсэнээр өрсөлдөх чадвар маань сайжирсан.  

Та өөрийнхөө бизнесийн юугаар нь бахархдаг бэ?

“Хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг” гэдэг Монголын нэг сайхан үг байдаг даа. Үйлчлүүлэгчийнхээ хуучин гутал, цүнх, савхин хүрмийг нь засаад шинэхэн мэт болгоод өгөх л хамгийн сайхан санагддаг.

Таны бизнес өргөжснөөр хүүхдүүд болон ойр дотны хүмүүст хэрхэн нөлөөлсөн бэ?

Хоёр хүү маань надтай гуталчин хийж байгаад орлогоо хуримтлуулан өөр өөрсдийн бие даасан бизнес эрхлэх болсон. Бага хүү маань автомашины засварын газартай болж, том хүү гар утасны лангуу ажиллуулж байгаа. Гутал засварын бизнесийн буянд хэдэн хүүхдүүд болон дүү нар маань сайн сайхан л амьдарч байна.

Тэрээр Транскапитал ББСБ-аас 12 удаа зээл авч өөрийн ажлын байр, хашаа байшинтай болсон бөгөөд сургалт зөвлөгөө авч, өөрийн бизнесээс хуримтлал үүсгэн өдгөө 2 өрөө орон сууцанд тав тухтай аз жаргалтай амьдарч байна.

Төстэй мэдээлэл