Энэхүү хөтөлбөрийн зорилго нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 5-д заасан эмэгтэйчүүдийн тэгш оролцоог дэмжих, хөгжлөөс хоцорч болзошгүй хүн амын бодитой үр дүнтэй оролцоог хангахад талууд хувь нэмрээ оруулах болон Монгол улсын Засгийн газрын Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)-нд туссан эдийн засгийн хүрээнд жендерийн тэгш боломж, тэгш оролцоог дэмжих 2 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд оршино.
Хөтөлбөрийг хосоор хэрэгжүүлэх бөгөөд нэг талаас банк санхүүгийн байгууллагууд нөгөө талаас эмэгтэйчүүдийн гарааны болон бичил, жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг дэмжин ажилладаг төрийн бус байгууллагууд оролцох юм.
Тус өдөр нийт 15 байгууллагын төлөөлөл хамтран ажиллахаа илэрхийлж санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Транскапитал ББСБ нь Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Санаачлага (We-Fi)-аас санхүүжүүлдэг Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүд хөтөлбөрийг 2021 оноос хойш Монгол улсад анхлан хэрэгжүүлсэн санхүүгийн байгууллага юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн хүртээмжтэй дэмжлэг үзүүлээд зогсохгүй тэдний бизнесийг дараагийн шатанд хүргэх сургалт бусад үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Одоогоор нийт 41 төрлийн үйл ажиллагаанд 3500 гаруй бизнес эрхлэгчдийг хамруулаад байна.